card

Хилийн 0218-р анги

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД:

Эрхэм зорчигч таныг Монгол Улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай мэдээлэл болгон  доорх хууль эрх зүйн мэдээллийг хүргэж байна.

Хэрэв та бидэнтэй холбоотой асуудлаар лавлах зүйл байвал утас: 89220218 дугаараас лавлана уу.

 

ТАНИЛЦУУЛГА

Хилийн 0218 дугаар анги нь өнөөг хүртэл түүхэн цаг хугацаанд төр, ард түмэндээ өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхт анги юм.

Тус анги нь агаарын замын боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр шалган нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг сахиулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн, харилцан ажиллагаатай  хилийн хяналтын болон агаарын тээвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, хоногт дунджаар 28-35 агаарын хөлөг, 4000 орчим зорчигчийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Нэг.“МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”

17 дугаар зүйл. Улсын хилийн боомт дээр ажиллах хяналт шалгалтын байгууллага

17.2 Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тотоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй.

 

ХОЁР.“ ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ  /ХЗДХС-ын 2017.03.03 А/49 /

1.1 Энэ журмын зорилго нь хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэ журам нь гадаадад зорчих Монгол Улсын иргэн 18 нас хүртэлх хүүхдэд хамаарна.

 Улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа

2.1 Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичгээс гадна дараахь баримт бичгийн аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна.

           2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/

           2.1.3 Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

           2.1.4 Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл;

2.2 Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.

2.3 Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна. Энэ тухай хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан хилээр гарах үед тухайн этгээдэд сануулна.

ГУРАВ .ХИЛИЙН БООМТОД МӨРДӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ  /Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2017 оны 001 дүгээр тогтоол/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам /цаашид “нийтлэг журам” гэх/-ын зорилго нь хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, боомт дахь хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, хилийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт явуулах нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой нийтлэг асуудлуудыг зохицуулахад оршино.

1.2.Хилийн боомт бүр тухайн боомтын онцлог /зэрэглэл, төрөл, горим/-т тохирсон хилийн боомтод мөрдөх журам /цаашид “боомтод мөрдөх журам” гэх/-тай байна.

1.3.Нийтлэг журам болон боомтод мөрдөх журмыг хилийн хяналтын байгууллагын албан хаагчид, хилийн боомтод ажил, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч, үйлчлэх бүрэлдэхүүн дагаж мөрдөнө.

Гурав. Хилийн боомт дахь хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, уялдаа холбоо

3.1.Хилийн боомтод хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын байгууллагууд Монгол Улсын хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан дарааллыг чанд баримтлан хяналт шалгалт явуулж, зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.

3.2.Хилийн боомт бүрт хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл /цаашид “боомтын зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч /орлогч/ байна.

3.3.Боомтын зөвлөлийн гишүүд нь боомтын үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулж биелэлт, үр дүнг харьяа байгууллагын удирдлагад танилцуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд боомтын зөвлөлөөс Хилийн боомтын үндэсний зөвлөлд хагас жил тутам тайлагнана.

3.4.Хил хамгаалах байгууллага нь хилийн ауудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу хилийн боомтыг ажиллуулж, хилийн боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтанд боомтод нэвтрэх зөвшөөрөл олгоно.

3.5.Хил хамгаалах байгууллага нь хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулах зорилгоор тухайн боомтод мөрдөх журмыг сахиулах, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүргийг хэрэгжүүлнэ.

Дөрөв.Хилийн боомтод мөрдөх журам

4.1.Боомтын зөвлөл нь тухайн боомтод мөрдөх журмыг хэлэлцэж, зөвлөлийн дарга, хилийн төлөөлөгч /орлогч/ батална.

4.2.Боомтод мөрдөх журам нь хилийн боомтын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд хилийн хяналтын байгууллагуудын хяналт шалгалт явуулах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

4.3.Боомтод мөрдөх журмыг Хил хамгаалах байгууллага мөрдүүлж, хэрэгжилтэд нь Хилийн боомтын үндэсний зөвлөл хяналт тавина.

4.4.Боомтод мөрдөх журамд зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах, тээврийн хэрэгслийг зогсоолд зогсоох, журам сахиулах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тусгах бөгөөд хяналт шалгалтын болон суурьшлийн бүсийн заагийг тодорхой заана.

4.5.Агаарын замын хилийн боомтод хүндэт зочны болон бизнес танхимаар үйлчлүүлэгчид, дамжин өнгөрөх зорчигчдыг хяналт шалгалтад оруулах асуудлыг нэмэлтээр тусгана.

4.6.Хилийн боомтод нийтээр хамарсан эмх замбараагүй байдал, гамшиг, онцгой нөхцөл үүссэн үед Хил хамгаалах байгууллагаас хяналт шалгалтыг зогсоох, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, боомтыг барилга, байгууламжийг чөлөөлөх зэргээр тусгай дэглэм тогтоож, хилийн боомтын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нэмэлт арга хэмжээ авч болно.

 Долоо.Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага

7.1.Хилийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт дууссаны дараа зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

7.2.Хилийн боомтод жагсаал цуглаан хийх, нэвтрэх хөдөлгөөнийг хаах болон бусад арга хэлбэрээр хэвийн үйл ажиллагааг тасалдуулахыг хориглоно.

7.3.Энэхүү журмыг зөрчсөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ДӨРӨВ .МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ /Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоол/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын дипломат, албан гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.5.Дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэж, хүчингүй болгоно.

1.6.Дипломат, албан гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүчинтэй хугацааг сунгахгүй.

Хоёр. Дипломат, албан гадаад паспорт олгох

2.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат гадаад паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан гадаад паспорт олгох, эсхүл татгалзах асуудлыг шийдвэрлэнэ.

2.4.Дараахь тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гарын үсгээр баталгаажсан зөвшөөрлийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат гадаад паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан гадаад паспорт тус тус олгож болно:

           2.4.1.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 25.4-т заасныг баримтлан олимп, паралимпийн наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох зорилгоор гадаадад зорчих Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн;

           2.4.2.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 21.6-д заасныг баримтлан дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчид гадаад улсад албан томилолтоор ажиллах шаардлагатай тохиолдолд тэдгээрийг харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн;

            2.4.3.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас дипломат, албан гадаад паспорт олгох талаар ирүүлсэн албан бичгийг үндэслэн.

2.5.Албан гадаад паспортыг зөвхөн албан томилолтоор зорчиход хэрэглэнэ.

2.6.Энэ журмын 2.3-т зааснаар дипломат, албан гадаад паспорт олгохоос татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтан, иргэнд албан бичгээр хариу өгнө.

2.7.Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдсэн үед шинээр паспорт олгох тохиолдолд түүний хүчинтэй хугацаа 1 хүртэл жил байна.             

ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ /Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоол/

Нэг. Нийтлэг үндэслэл

          1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт (цаашид “энгийн гадаад паспорт” гэх) олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Гурав. Энгийн гадаад паспортыг эзэмших болон түүний хүчинтэй байх хугацаа

           3.1.Энгийн гадаад паспортыг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэнд олгоно.
            3.2.Энгийн гадаад паспорт нь 5, 10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх бөгөөд паспортын хугацааг дахин сунгахгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 154-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 95-р тогтоолоор тус тус өөрчлөн найруулсан/

           3.4 Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болно.

Дөрөв. Энгийн гадаад паспорт олгох байгууллага

4.3.Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, бусдын баримт бичгийг ашигласан, бусдад баримт бичгээ ашиглуулсан болон бусад зөрчилтэй болохыг нь улсын байцаагч тогтоосон тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тухайн  иргэнд энгийн гадаад паспорт олгохыг хойшлуулж болно.

Зургаа. Үндэсний гадаад паспортыг хадгалах

6.1.Энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална.

6.2.Зөрчилтэй, хүчин төгөлдөр бус энгийн гадаад паспортыг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

 Ес. Буцах үнэмлэх олгох үндэслэл, түүний хүчинтэй байх хугацаа

 (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор нэмсэн)

9.1. Монгол Улсын иргэнд дараахь тохиолдолд буцах үнэмлэх олгоно:

      9.1.1. үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн;

      9.1.2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон;

      9.1.3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн;

      9.1.4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;

      9.1.5. Монгол Улсын олон улсын гэрээгээр шилжүүлэн авах иргэн үндэсний гадаад паспортгүй;

      9.1.6. ял эдлээд суллагдсан иргэн үндэсний гадаад паспортгүй эсхүл паспортын хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон;

      9.1.7.Сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдах иргэн үндэсний гадаад паспортгүй;

9.5.Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс 12 хүртэл сарын хугацаанд хүчинтэй байна.

ДОЛОО. УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС, БООМТ, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ  ЖУРАМ /ХХЕГ-ын даргын 2017 оны А/97 дугаар тушаал/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хил хамгаалах байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл /цаашид нэвтрэх зөвшөөрөл гэх/-ийг олгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр.Нэвтрэх зөвшөөрөл олгох

2.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, 28 дугаар зүйлийн 28.9, 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэх зөвшөөрлийг олгоно.

2.2.Нэвтрэх зөвшөөрлийн хүсэлтийг иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр Хил хамгаалах ерөнхий газар болон тухайн орон нутагт байрлах хилийн ангид гаргана.

2.4.Хилийн зурвас, хилийн боомт, хилийн бүсэд дараах үндэслэлээр нэвтрэх зөвшөөрөл олгоно.

2.4.1.ажил үйлдвэрлэл явуулах;

2.4.2.аялал, жуулчлал;

2.4.3.нислэг үйлдэх;

2.4.4.хилийн боомтод үйл ажиллагаа явуулах;

2.4.5.эрдэм шинжилгээ-судалгаа хийх;

2.4.6.байгалийн баялаг ашиглах;

2.4.7.хадлан, тэжээл бэлтгэх.

2.4.8.хилийн зурваст мал оторлох;

2.4.9.гадаадын иргэн, харьяалалгүй хүн нэвтрэх тохиолдолд;

2.4.10.хуульд заасан бусад үндэслэлээр.

2.6.Нэвтрэх зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, үйл ажиллагаанаас хамаарч Хил хамгаалах ерөнхий газар 1 жил, хилийн анги 30 хоног хүртэл хугацаагаар олгож, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно.

2.7.Хил хамгаалах ерөнхий газар болон хилийн анги нь холбогдох материалыг үндэслэн нэвтрэх зөвшөөрлийг тухай бүр шуурхай олгох бөгөөд нэмэлт тодруулга авах тохиолдолд  ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.8.Нэвтрэх зөвшөөрлийг хэвлэмэл загварт бичиж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

Гурав.Нэвтрэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

3.1.Иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

3.1.1.бүрэлдэхүүн, зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан өргөдөл;

3.1.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;

3.1.3.гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;

3.1.4.тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар.

3.2.Аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

3.2.1.үйл ажиллагаа явуулах зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан албан бичиг, бүдүүвч зураг;

3.2.2.байгууллагын гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /ашигт малтмал хайх, олборлох, аялал, жуулчлал, агнуурын амьтан агнах, барих, худалдаа, үйлчилгээний гэх мэт/, гэрээний нотариатаар баталгаажсан хуулбар;

3.2.3.иргэний үнэмлэх, гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;

3.2.4.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний зөвшөөрөл;

3.2.5.тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техникийн гэрчилгээний хуулбар; 

3.2.6.ажилтнуудын нэрсийн болон тээврийн хэрэгслийн жагсаалт;

3.2.7.Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлалаас олгосон нислэг үйлдэх зөвшөөрөл.

3.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэвтрэх зөвшөөрлийн хүсэлтийг “Хил хамгаалах ерөнхий газарт”, “Хилийн ангид” гэж хаяглан, журмын 3.1, 3.2-т заасан холбогдох материалын хамт ирүүлнэ.

3.4.Нэвтрэх зөвшөөрлийг сунгуулахдаа хүсэлтийг дахин гаргаж, өөрчлөлт орсон материалыг хавсаргана.

 

Дөрөв.Нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох

4.1.Нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл.

4.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх;

4.1.2.хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан дэглэмийн гэрээ зөрчигдөх;

4.1.3.Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх;

4.1.4.улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад хүндрэл учруулах;

4.1.5.хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд холбогдсон.

4.2.Нэвтрэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.

4.2.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.9 дэх заалтыг зөрчсөн;

4.2.2.хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, завдсан;

4.2.3.улсын хил хамгаалалтад сөргөөр нөлөөлсөн;

4.2.4.улсын хил зөрчсөн, хилийн зөрчилд холбогдсон, нуун дарагдуулсан;

4.2.5.хилийн боомтын аюулгүй байдал, боомтод мөрдөх журам зөрчсөн; 

4.2.6.нэвтрэх зөвшөөрөлд зааснаас өөр газарт болон зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулсан;

4.2.7.нэвтрэх зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, бусдад шилжүүлсэн;

4.2.8.хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

4.3.Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох тохиолдолд үндэслэл, тайлбарыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр өгнө.

НАЙМ.“МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ,ЗӨРЧИЛ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ /ХХЕГ-ын даргын 2019.09.04 А/29/

1.1 Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэхтэй холбоотой харилцааг хилийн асуудлаар болон иргэд харилцан зорчих нөхцлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, энэхүү журмаар зохицуулна.

2.7 Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүн, хүндэт зочид төлөөлөгчид, тэднийг дагалдан явагсад, дипломат паспорт бүхий зорчигчийг улсын хилээр дараалал харгалзахгүй шалгаж нэвтрүүлнэ.

2.12 Хил нэвтэрсэн тэмдэглэлийн зөрүүтэй байдал үүсгэхгүйн тулд хоёр ба түүнээс дээш төрөл, тооны паспорт эзэмшдэг, эсхүл давхар иргэншилтэй иргэнийг өмнө хил нэвтэрсэн паспортаар шалгаж нэвтрүүлэх ба энэ нь зөвхөн дараалсан хоёр удаагийн хил нэвтрэлт /Монгол Улсын иргэн бол гарах, орох чиглэлд, гадаадын иргэн бол орох гарах чиглэлд /-д хамаарна.

2.13.Шарил, чандарыг цагдаагийн байгууллагын болон дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, шүүх эмнэлгийн дүгнэлт, хил нэвтрэх эрхийн баримт бичгийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх ба Монгол Улсын иргэн бол хил нэвтрэх эрхийн баримт бичигт “Хүчингүй” тэмдэглэл хийнэ.

ЕС. “ЗОРЧИГЧИЙГ ЦАХИМ ГАРЦААР УЛСЫН ХИЛ НЭВТРҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ  /ХХЕГ-ын даргын 2017.11.20 А/260/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргасан зорчигчийг бүртгэх, зөвшөөрөл олгох, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.3 Эрх зүйн бүрэн чадамжтай, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргаж болох бөгөөд цахим гарцаар улсын хил нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт / цаашид баримт бичиг гэх/-д олгоно.

1.4 Цахим гарцаар улсын хил нэвтэрсэн зорчигчийн баримт бичигт хил нэвтэрсэн тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд цахим гарц ашигладаггүй хилийн боомтууд тухайн зорчигчийн “Зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан” /цаашид “нэгдсэн сан” гэх/ дахь мэдээлэл, цахим гарцаар хил нэвтрэх зөвшөөрлийн тэмдэглэгээг үндэслэн улсын хилээр шалган нэвтрүүлнэ.

Зорчигчийг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх

3.1 Зорчигч цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргаж, энэхүү журмын дагуу зөвшөөрөл авснаар цахим гарцаар улсын хил нэвтрэх эрхтэй болно.

3.4 Цахим гарцаар улсын хил нэвтрэх зорчигч Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан болон Монгол Улсын хилээр гарах эрхийг нь түр түдгэлзүүлсэн иргэдийн жагсаалтанд бүртгэгдсэн тохиолдолд шалган нэвтрүүлэх албаны ажилтан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Бусад  зүйл

4.1 Цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргасан зорчигчийн баримт бичгийн хүчин төгөлдөр байх хугацаа 6 сараас доошгүй байна.

4.2 Зорчигч цахим гарцаар хил нэвтрэх зөвшөрөл авснаас өөр баримт бичигт зөвшөрөл авах хүсэлт гаргасан тохиолдолд түүний хурууны хээ, фото зургийг дахин авч, шинээр бүртгэнэ.

АРАВ. “ХИЛИЙН ХУУДАС АШИГЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ ЖУРАМ  /ХХЕГ-ын даргын 2017.04.07 А/83 / 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд шаардагдах мэдээллийг бүртгэх, баталгаажуулах зорилгоор хилийн хуудсыг ашиглаж, хэвлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.  

Хоёр. Хилийн хуудсыг ашиглах

2.1 Хилийн хуудсыг дараахь зорчигчоор бөглүүлнэ.

2.1.1 Хилийн орох хуудсыг Монгол Улсад зорчин ирж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсаас Монгол Улсад буцах үнэмлэхтэй, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, гадаад улсын цагдаагийн болон цагаачлалын байгууллагын бичгээр зорчин ирж байгаа Монгол Улсын иргэн;

2.1.2 Хилийн гарах хуудсыг харьяалалгүй хүн, Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичгээ үрэгдүүлсэн буцах үнэмлэхтэй гадаадын иргэн;

2.6 Зорчигч хилийн хуудсыг агуулгын дагуу тод, гаргацтай бүрэн бөглөөгүй тохиолдолд баримт бичгийн шалгагч ахин бөглүүнэ. Шаардлагатай тохиолдолд хилийн хуудсан дээр тухайн зорчигчийн холбоо барих утасны дугаар, эрхэлдэг ажил зэрэг мэдээллийг нэмэлтээр тэмдэглэж болно.

2.7 Зорчигчийн эрүүл мэндийн болон боловсролын байдлаас шалтгаалж хилийн хуудсыг хамт яваа асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр бөглүүлнэ.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй явсан тохиолдолд хилийн хуудсыг баримт бичгийн шалгагч бөглөж болно.