card

Нисэх буудлын талаарх мэдээлэл

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор юм. Төсөл хэрэгжиж шинэ нисэх буудал ашиглалтад орсноор 100 мянган хүн ам оршин суух дагуул хотыг ч шинээр бий болгохоор төлөвлөжээ.

Шинэ нисэх буудлын үндсэн барилгын хувьд байгалийн гэрлийг ашиглах зорилгоор шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарц зэрэг нь олон улсын жишигт нийцсэн байгууламж болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, 45 метр өргөн бөгөөд 38 см зузаантай. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм.