БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД

Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар 2021 оны  8-р сарын 28-ны өдөр Хөшигийн Хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт, Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болох Шинэ зуун мод, Майдар хотуудын төлөвлөлтийг Шинэ нисэх буудал, Зуун мод, Сэргэлэн сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж Богд хаан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа талаар газар дээр нь танилцуулга хийлээ.

Танилцуулга ажлын хүрээнд БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар шинэ нисэх буудал дээр ажилласан бөгөөд БХБЯ-ны харьяа байгууллага болон орон нутгийн удирдлагуудад нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэгч НУБИЭ ХХК-ийн удирдлагууд компани, дэд бүтэц барилга байгууламжуудын танилцуулга хийж цаашид өрнөх бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

Шинэ нисэх буудлын дэд бүтцийн байгууламжуудаас дурдвал:

- Цахилгаан хангамж. 110/10кВ-ын “Хөшигт” дэд станцын Үндсэн тэжээл нь 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцаас 2 хэлхээт, 37.8 км, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар, бэлтгэл тэжээл 110/35/10 кВ-ын “Налайх” дэд станцаас 1 хэлхээт, 47.5 км, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар тус тус холбогдсон.

Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд хамаарал бүхий барилга байгууламжуудад аваарын үед ажиллах цахилгаан үүсгүүр (дизель генератор) суурилуулсан.

- Ус цэвэршүүлэх байгууламж. Тус байгууламж нь 3 гүний худгаас усыг олборлох механик шүүлтүүрээр шүүж халдваргүйжүүлдэг. Суурилагдсан хүчин чадал 800 м3/хоногт цэвэршүүлэх, бүрэн автомат удирдлагын системтэй. Унд, ахуйн усны стандартад нийцсэн усыг нөөцлөн шинэ нисэх буудлын хэрэглэгчдийг хангадаг. Мөн дотоод хяналтын лабораторитой бөгөөд ундны ус болон дулааны станцийн технилогийн усны чанарт байнгын хяналт тавьж ажилладаг.

- Бохир усны цэвэрлэх байгууламж. Тус байгууламж нь азот фосфорыг бүрэн зайлуулах MLE процессийн, бүрэн автомат удирдлагын системтэй. Суурилагдсан хүчин чадал 800 м3/хоногт цэвэрлэх байгууламж юм. Тус байгууламж нь MNS 4943:2015 стандартын дагуу усыг 96-98 хувь хүртэл цэвэрлэн байгальд нийлүүлдэг.

- Дулааны станц. Шинэ нисэх буудлын дулааны станц нь тус бүр 14МВт-ын хүчин чадалтай 3 зуухтай нийт суурилагдсан хүчин чадал нь 42МВт бөгөөд нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор 2 нь ажилд, 1 зуух бэлтгэлд байхаар төлөвлөгдсөн. Мөн одоогийн ашиглалтанд орсон барилга байгууламжууд болон ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламжуудын дулааны ачааллыг нэмэгдэхээр тооцсон. Дулаан үйлдвэрлэлээс гарсан үнсээ хуурай аргаар зайлуулах технологитой, дулаан үйлдвэрлэлээс гарсан үнсийг барилгын материал хийхэд ашиглах боломжтой гэдгийг онцлов.